LOADING

Сонголт, Орлох ба орлуулах хэрэгцээ

Сонголт, Орлох ба орлуулах хэрэгцээ

by admin February 15, 2020

Сонголт гэдэг ойлголт эдийн засагт, зах зээл судлалд, хүн судлалд ч бас сонирхолтой сэдэв байх. Хүн бүрт сонголт байдаг, харин тухайн нөхцөл байдал, тухайн хүнд сонголт нь зөв эсэх дээр онол байхгүй ч яаж хийвэл тухайн нөхцөлд байдалд илүү зохицох, илүү нийцтэй байдлыг тайлбарласан нь буй.

Маркетингийн ухаанд сонголтыг юу гэж ойлгох нь өөрөө асар сонирхолтой сэдэв. Жишээ татая, та амттан идмээр санагдлаа. Хамгийн түрүүнд шоколад, компот, эсвэл чихэр, жигнэмэг аль нь ч санаанд орж болно. Харин та дэлгүүр орлоо.

Одоо сонголт хийнэ. Дэлгүүрийн лангуун дээр бүгд зэрэгцээд байгаа. Шоколаданд дуртай хүн байлаа гэж бодоход шоколадаа авах гэтэл Алпен голд, Сникерс, Твикс, Блок, Алтан говь зэрэг 10-аад нэр төрөл байна.

Дахин нэг сонголтын асуудал эндээс гарч ирнэ. Алтан говь авах боллоо. Одоо дахиад л нэг сонголт.

Том хэмжээтэй 300гр уу, жижиг хэмжээтэй, 100гр уу? Хэлбэр нь хавтгай юу, цуглуулган уу? Шоколадны орц 57% -тай нь уу? Гэх мэт дор хаяж 5 хүртлэх сонголтыг дахин хийнэ.

Энэ бол маркетингийн ухаанд бүхэлдээ сонголтын асуудал.

Энд ялгаатай нэг асуудал нь орлох болон орлуулах бүтээгдэхүүний тухай ойлголт. Та амттан идэх тухай бодсон даруйдаа шоколад идэх тухай бодоод дэлгүүрт ороод 15 нэр төрлийн шоколаднаас сонгож байвал энэ орлох бүтээгдэхүүний тухай ойлголт юм. Сникерс үү? Алтан говь уу гэдэг нь нэг нэр төрөл доторх орлох бүтээгдэхүүний тухай ойлголт. Учир нь та алтан говь шоколаданд маш дуртай байсан ч таны орсон дэлгүүрт байхгүй бол та сникерс сонгож байвал орлох бүтээгдэхүүн алтан говь шоколадны зах зээлийг булааж байна гэсэн үг. Харин энд шоколад авахгүй гарч өөр дэлгүүр орох, зөвхөн сникерс байгаа зэрэг нь үнэнч хэрэглэгч, борлуулалтын менежмэнтийн тусдаа асуудлууд тул дараа тайлбар хийе.

Харин орлуулах бүтээгдэхүүний тухай ойлголт нь та шоколадны тухай бодож дэлгүүрт орсон ч тухайн дэлгүүрт оронгуутаа шоколадны хажууд таны огт санаанд ороогүй илүү амттай бүтээгдэхүүн, тухайлбал жигнэмэг байлаа гэж бодьё. Та сонголтоо өөрчлөж жигнэмэг сонговол энэ нь амттан идэх хэрэгцээг шоколадны оронд жигнэмэгээр орлуулж байгаа тул орлуулах тухай юм. Харин дэлгүүрийн өрөлт, үнийн харьцуулалт, үйлдвэрлэсэн улс, нэр төрөл зэрэг нь тусдаа ойлголтууд тул хялбарчилан тайлбайрлах нь илүү амар гэж бодлоо. Аан бас орлуулах боломжгүй бүтээгдэхүүн үйлчилгээ ч гэж байна. Ихэнхдээ үйлчилгээнд л хамаардаг байх. Жишээ нь үс засуулах үйлчилгээ. Та үсээ засуулахын оронд өөр ямар ч үйлчилгээ авлаа гээд үс чинь хэвээрээ л байна. Тэгэхээр таны анхын үс засуулах хэрэгцээ хангагдаагүй л гэсэн үг.

Эндээс дүгнэлт: Таны бүтээгдэхүүн зөвхөн ижил төрлийн жишээлбэл гоймон гоймонтойгоо өрсөлддөггүй, орлуулах төрлийн будаа, гурил, бэлэн гурил, хэрчсэн гурил, орлох төрлийн хэлбэртэй гоймон, өрсөлдөгчийн ижил гоймон зэрэгтэй өрсөлддөг гэдгийг ямагт санах нь маркетер хүний хамгийн чухал зүйл гэж би санадаг. Учир нь хэрэглэгчийнхээ нүдээр өөрийнхөө бүтээгдэхүүнийг сонгоод харьцуулаад үзэх хэрэгтэй. Гэхдээ мэдээж өөрийн сегмэнтийг төлөөлж, төсөөлж, судлаж, турших хэрэгтэй.

100% бүтээгдэхүүн гэж байдаггүй бол 100% үйлчилгээ гэж бий, та өрсөлдөөнд ялах тухай бодож байгаа бол бусадтай бүү өрсөлд, өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ бусадтай огт өрсөлдөхгүй, орлох болон орлуулах бүтээгдэхүүн үйлчилгээгүй болтол нь хөгжүүлэх шаардлагатай.

Ингэхэд фэйсбүүкт өрсөлдөгч бий болов уу юугаар сонголтыг нь өөрчилж болох вэ?

Social Shares

Related Articles