Брэндингийн тухай
Яагаад брэнд тань чухал вэ?
Брэндинг нь таныг өрсөлдөгчдөөс ялгах бөгөөд хэрэглэгчдийг танай бүтээгдэхүүн үйлчилгээг сонгоход итгүүлж, тэдний асуудал, хэрэгцээг хангах цорын ганц шийдэл гэх үзлийг бий болгож байдаг. Өөрөөр хэлбэл брэнд нь зорилтот зах зээл, үнэнч хэрэглэгчдийг бүрдүүлж өгдөг.
Сайн брэнд дараах шинжийг агуулдаг:
- Тодорхой,ойлгомжтой мессеж хүргэдэг
- Худалдан авалтыг нэмэгдүүлж хэрэглэгчдийг өдөөдөг
- Хэрэглэгчдийг бүтээгдэхүүн, үйлчилгээтэй мэдрэмжээр холбож өгдөг
- Бүтээгдэхүүнд итгэх итгэлийг бий болгодог
- Ажилчдын бахархал, сэтгэл ханамжийг сайжруулдаг
Иймээс та брэнд бол маркетингийн стратегийн тань үндсэн суурь гэж үзэн өөрийн брэндийг бүтээх ерөнхий зураглал, судалгаа зэрэгт бүхий л цаг заваа зориулах хэрэгтэй.
Тэгвэл хэзээ брэндинг хийж эхлэх вэ?
- Шинэ бизнес эхлүүлэх үед
Энэ үед брэндинг танд бизнесийн сэдэв, дизайн, өнгө аяс, дүр төрхөө олоход туслах болно. Тиймээс та шинэ бизнес эхлүүлж байгаа бол эхлээд брэндингдээ анхаарал хандуулах хэрэгтэй болов уу. Учир нь энэ нь таны компанийн цаашдын амжилтад чухал үүрэг гүйцэтгэх юм.
- Нэрээ солих шаардлагатай болсон бол
Компанийн нэр бол таны брэндийн хамгийн чухал хэсэг юм. Бусдаас өвөрмөц, маш сайн нэртэй гарч ирэх нь таныг бүх л өрсөлдөгчдөөс ялгаруулж, тухайн салбарын тэргүүлэгч байр сууринд хүргэж ч чадна. Нэр нь таны бизнесийн бүхий л үнэт зүйлийг тайлбарлах хэрэгсэл ч болж болно. Ихэнх өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэгчид үүнийг аль хэдийн ойлгочихсон байдаг бөгөөд тэд өөрсдийн маркетингийн стратегиудтай холбон нэрүүдээ бий болгодог. Хэрэв та сул нэр хэрэглэвэл хурдан мартагдах аюултай.
- Компаниуд нэгдэх үед
Хоёр ба түүнээс дээш компаниуд нэгдэх үед удирдагч нар өөрсдийн нэгдсэн багцын талаар хэд хэдэн сонголт хийх шаардлагатай болдог. Ийм тохиолдолд брэнд нь эх компанийн брэндээр ч солигдох боломжтой, хэвээрээ ч үлдэх боломжтой. Өөр нэг сонголт бол хос брэнд юм. Энэ нь хоёр брэндийн нэрийг нэгтгэж нэг нэр бий болгоно гэсэн үг. Хоёр компанийг нэрээ нэгтгэн шинээр брэнд үүсгэхийн тулд мөн л брэндинг хийх шаардлагатай тулгардаг.
- Брэндинг бол тасралтгүй үргэлжлэх процесс
Таны бизнес салбартаа тэргүүлэгч, аль хэдийн олонд танигдсан, учраас брэндинг хийх шаардлагагүй гэж бодож байна уу? Хэрэв ингэж бодож байвал та маш том алдаа гаргаж байна. Учир нь брэндээ сайжруулах, өргөжүүлэх үйл явц нь тасралтгүй явагдах ёстой. Амжилттай брэнд нь цаг үе, зах зээл, хэрэглэгчийн зан төлөвийн өөрчлөлтөд дасан зохицож түүнд тохирсон шинэ санааг брэнддээ тусгаж өгөх замаар бусдаас ялгарч чаддаг. Үүний нэг жишээ бол Майкрософт юм. Тэд өсөлтийнхөө үе шатанд өөрсдийн брэндийг дахин шинэчлэж шинээр бий болгосон нь 1995 онд Windows 95 нэртэй дэлхийн брэнд болж байсан бол саяхан тэд Xbox платформтой хамтарч брэндээ нэгтгэсэн бөгөөд хэрэглэгчдэд энэ нь шив шинэ дуу хоолой, өнгө аясыг агуулсан бренд болсон.
Брэндинг хийх эсэхээ хэрхэн шийдэх вэ?
Та өөрийн брэндийн талаар дараах асуултыг өөрөөсөө асуугаарай.
- Таны брэнд зорилтот хэрэглэгчдэд чиглэж чадаж байгаа эсэх?
- Таны брэнд хэр ойлгомжтой байж чаддаг вэ?
- Таны брэнд танай борлуулалтыг нэмэгдүүлж чаддаг эсэх?
- Таны брэнд найдвартай байдал, нэр хүндийг тань илэрхийлж чаддаг эсэх?
-
Танай брэнд ажилчдынхаа анхаарлыг татдаг эсэх?