Нэн шинэ үеийн маркетингийн хандлага
Маркетинг бол эрэлт нэмэгдүүлэх, эрэлтийг тогтвортой урт хугацаанд яаж удирдаж зохион байгуулах тухай ажил юм. Маркетингийн ухаан энэ бүхнийг судлахдаа 4 үндсэн хэсэгт хувааж судладаг.
- Нэгдүгээрт би хэрэглэгчээ яаж таних вэ буюу судалгаа хийх ёстой /research/
- Хоёрдугаарт би одоогийн эрэлтээсээ ашиг олох ёстой /profit/
- Гуравдугаарт би шинэ эрэлтийг буюу манай бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэдэггүй хүмүүсийг өөртөө урвуулж чадаж байгаа юу /Upstream/
- Дөрөвдүгээрт миний бүтээгдэхүүнийг хүмүүс хайрладаг, миний бүтээгдэхүүнгүйгээр өөрийгөө төсөөлдөггүй юу /brand/
гэсэн 4 асуултанд үндсэндээ хариулж бизнесийг амжилттай явуулах уураг тархи нь болж байх ёстой. Таны бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэгчиддээ тодорхой “үнэ цэнэ” өгч байх ёстой, тэрхүү үнэ цэнийг бүтээх нь маркетер хүний ажил юм.
Маркетингийн орчны өөрчлөлтийг даган гүйцэтгэж байгаа үйл ажиллагаанууд сүүлийн жилүүдэд хурдацтай өөрчлөгдөж байгааг анзаарах хэрэгтэй. Орчны дараах хэд хэдэн хүчин зүйл глобал болон бүс нутгийн зах зээлүүдэд өөрчлөлт авчирч байна. Үүнд:
- Технологийн дэвшил хурдасхын хэрээр бүтээгдэхүүний амьдралын мөчлөг хурдан өөрчлөгдөж байна. Энэ нь орчин үеийн маркетингийн үйл ажиллагаанд хэрэглэгчийн цахим мэдээлэл, өгөгдөлд шууд боловсруулалт хийж, зарим тохиолдолд хиймэл оюун ухаан ажиллаж байгаа нь хэрэглэгч болон компани аль алинд нь маш олон үр ашгийг авчир чадаж байна.
- Харилцаа холбооны хурдац, мэдээллийн дамжуулалт ихэссэнээр түүний сувгийг ашиглан хэрэгжүүлж буй маркетингийн үйл ажиллагаанууд цаг хугацаа, орон зай, хэл соёлын зарим саадыг давж чадаж байна.
- Нийгмийн сүлжээний шинэ эрин бий болж байгаа бөгөөд хүн ам болон ажиллах хүчний хувьд соёлын, нийгмийн, эдийн засаг, улс төрийн харилцаанд өөрчлөлт дагуулж байна.
- Нийгмийн сүлжээний хил, соёлын хязгаарлалтгүй тус тусын нийгэм бүрдэж байгаагаас үүдэн аливаа улс орны дотоодын асуудал бус дэлхий нийтийн асуудал болж байгаа нь “ногоон маркетинг” “нийгмийн хариуцлага”-ын тухай эрчимтэй яригдаж байгаагаас тус тус харж болно.
- Хүмүүсийн зан төлөв өөрчлөгдөж байна. Өнөөдөр хүн бүр бусдаасаа ямар нэг зүйлээрээ өөр байхыг хүсч, түүгээрээ өөрийгөө давтагдашгүй гэдгийгээ илэрхийлэх гээд байгаа.
Тэгэхээр массын буюу бүх хүнд таалагдах бүтээгдэхүүн, түүний концепцоос татгалзаад, дахин давтагдашгүй, цөөн хэрэглэгчтэй сегмэнтэд хандсан онцгой бүтээгдэхүүн, үйлчилгээ нь хүмүүсийг илүү татаж, тэрхүү онцгой зүйлсээрээ бусдаас ялгарахыг хүсдэг болж. Нөгөө л нэг үнэ цэнэ гэсэн үг. Тэгж бусдаас өөр гэж хэлж чадаж байгаагийн хамгийн том шалтгаан нь тэрхүү цөөн хэрэглэгчдэд л таалагдах, этгээд онцгой ямар нэгэн зүйл байгаа юм.
Энэхүү орчны өөрчлөлтүүдийг даган маркетингийн удирдлагын хийж гүйцэтгэх ажлууд, түүнийг үнэлэх үнэлэмжийн асуудалд өөрчлөлт орж байгаа нь ойлгомжтой. Уламжлалт маркетингийн арга хэрэгслүүд дээр идэвхижүүлэлтийн бүлэгд дээр дурдсан өөрчлөлтүүдийг тусгаж ажилласан эсэх үнэлгээний хэмжүүр нэмэгдэх нь зайлшгүй.